Мэргэшлийн зэргийн шатлал, чиглэл, хугацаа
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн 3 шатлалтай байна. Мэргэшлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй бөгөөд зэрэг хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш жил байна.
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн аль нэг чиглэлээр мэргэшлийн зэрэг шатлан олгоно.
Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, сургалт, эрдэм шинжилгээ, хүний нөөц, тусламж, үйлчилгээний чанарын албанд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчинтэйд тооцох бөгөөд журамд заасны дагуу мэргэшлийн зэргийг давтан хамгаалж, ахиулна.
Ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээрх нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, байгууллагын бусад эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөж хамтран ажиллах, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай байна.
Тэргүүлэх зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээрх нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, бүс, орон нутгийн эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай байна.
Зөвлөх зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн нь тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, салбар, үндэсний түвшинд бусад эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах ур чадвартай манлайлагч байна.
Журамд зааснаар дараах үндэслэлийг албан ёсны бичиг баримтаар нотолсон тохиолдолд тасралтгүй ажилласан жилд оруулж тооцно:
- Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
- Цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон;
- Өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэргэжил/мэргэшлээрээ ажиллахгүйгээр эмчлүүлж, сувилуулсан;
- Эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн, донорын үүрэг гүйцэтгэсэн;
- Гадаад улсад мэргэжил, мэргэшлээрээ суралцсан, магистр, докторын сургалтад хамрагдсан;
- Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өөр ажил үүрэг гүйцэтгэсэн, төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэсэн;
- Төгсөлтийн дараах мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан.